Tuesday, December 11, 2007

Бор борын бялзуухай

Сая сэтгэл эмзэглээд гол сэдвээсээ хазайгаад мэдээлэл оруулчихлаа.Гэхдээ л хэлмээр санагдаад байсан юм одоо арай дээр боллоо.

Нэгэн ийм уртын дуу байдаг юм байна. Анхаа найзаасаа сонсов баярлалаа анд минь. Зөвхөн эмэгтэй хүн дуулдаг. Энэ дууны үгийг домогтой нь оруулахаар шийдэв. Энгээд гол сэдэвтээ оръё.



Хүүхэн хутагт Найдансүрэнг цэл залуугаар нь буудан хороосон

Монголд хутагт, хувилгаад тодорч байсан нь эртнийх. Олон арваараа ч тоологдох байх. Харин YIII Богд Жавзандамбын үед албан ёсоор бий болсон "тамгатай хутагт" есхөн байдаг. Түүний нэг нь Цэрэннамжилын Найдансүрэн бөгөөд тэрээр Хан хэнтий уулын аймгийн Мэргэн гүний хошуу, одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 1900 оны үед мэндэлжээ.
Эцэг, эх хоёр нь хүүгийнхээ цовоо сэргэлэн, авхаалжтайг анзаарч нутгийн нэгэн ламд шавь оруулжээ. Хүү ч гэрээ санаж оргож боссонгүй, тухайн үеийн бурхан шашны ёс дэгпэмийг хүндэтгэж хичээнгүйлэн суралцаж байв. Гэтэл Саж лам тэргүүтэй шашны томчууд тэр хийдээр очиж нутаг нугадаа шүтэгдэх болсон Найдансүрэн хүүтэй уулзаж учирчээ. Аливаа юмны хувь төөрөг сонин байдаг хойно Найдансүрэн хүүгийн эрдмийн далайд хөл тавих хувь тавилан тэр хүнтэй уулзсанаар эхэлжээ.

Монголын бусад хутагтын түүх, намтар нэлээд элбэг баян байдаг бол Хүүхэн хутагтын 30 насны богинохон амьдрал их зөрчилтэй, эмгэнэлтэй, өрөвдөлтэй төгсчээ. 1973 онд Хэнтийн Театрын дарга байсан Т.Хишигжаргал гуай хуучилахдаа "Хүүхэн хутагт Найдансүрэн гэж хосгүй сайхан, нуруу туруу тэгш, зүс царай тунгалаг, үг яриа цэгцтэй, зан байдал төлөв төвшин,, ёстой сайн сайхны шинж бүрдсэн хүн" байсан юм билээ. Халхын ноёд хатад Хүүхэн хутагтад мөргөе сүсэглэе гэхээсээ илүү түүнийг харж нүд баясгая, сэтгэл сэргээе, танилцаж хөөрөлдөе гэдгээ илүүд үздэг байж.

1922 онд Саж ламын хэрэг мандаж Ерөнхий сайд Бодоотой хамт буудагдахад хүүхэн хутагт оргож гэнэ, баригдаж гэнэ гэсэн цуу яриа их тархсан юм гэсэн. Хүүхэн худагт До яаманд баригдахын даваан дээр урагшаа хил даван оргож гарсан байдаг. 1930 онд Гончигдоо нарын чекистууд лам болон хувирч очоод баривчлан авчирч цаазалжээ. Хүүхэн хутагтад зориулан халх Монгол даяар үе дамжин дуулж ирсэн нэгэн дууг МУИС-ийн багш асан Г.Ойдовжамц бүрэн эхээр нь бичиж өгснийг толилуулья.

Бор борын бялзуухай нь
Босгон дээгүүр жиргэж байна шүү
Болзоо нь үгүй Хүүхэн хутагт
Босон суунгаа чилээстэй
Баян баргын адуу нь
Баахан хэцүү манаатай
Балар шугуйн дунд
Байн байн бүгээстэй
Баян баргын адуун нь
Гучин гурван шаргатай л гэнэ
Гучин гурван шаргын
Гурваас бусад нь жороо л гэнэ шүү
Хоёр шөнө нь отлоо доо
Хойтох шөнө нь
Нойр ихтийн гадуур
Наргиуласхийгээд өнгөрлөө
Нохой муутын гадуур
Доргиулс хийгээд өнгөрлөө
Шанхны минь үсийг харвал
Сайхан хүүхэн гэнэ биз
Саадаг нумыг минь харвал
Сайн эр гэнэ биз
Унасан морь минь
Усан тэлмэн жороо доо
Тохсон эмээл минь
Тохой зандан бүүрэгтэй
Барьсан ташуур минь
Барим хэрийн зандан
Дөрөөлсөн дөрөө минь
Дөрвөн лангийн жийжүү.

Энэ дуунаас үзвэл нэг хэсэг Хүүхэн хутагт шилийн сайн эр болж явсан бололтой. Уг нь Хүүхэн худагт Найдансүрэн Улсын дээд хуралд суудалтай, Зүүн аймгийн ноёдын чуулганыг даргалагч. Богдын засгийн газрын том тушаалтан байсан гэж түүхэнд тэмдэглэжээ.

Хүүхэн хутагтаас Хэнтийн коммунистууд одоо ч цэрвэсэн хэвээр байдаг нь сонин. Хэнтийн 80 жилийн ойгоор түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, зураг хөргийг аймгийн музейд байрлуулах гэж АН-ыхан хөөцөлдөж Д.Арвин гишүүнд хүртэл айлтгаад бараагүй гэнэ билээ. Д.Арвин гишүүн нутгийнхаа хутагтын талаар ямар ч мэдлэггүй атлаа их мэдэгчийн дүр эсгэж "Тэр эсэргүү хөгшин ламаар яах юм бэ" гээд музейд юу ч тавиулахгүй хэмээн тас хөндлөн "хэвтжээ". Хүүхэн хутагт Найдансүрэн цэл залуу 30-хан насандаа буудуулсан юм шүү гэдгийг Д.Арвинд хэлмээр санагдлаа.

Хүүхэн хутагтын хойд дүр Ламаадан Гомбын Ламаадан буюу Цэрэнпунцаг гэдэг найман настай жаал хүүг Хүүхэн хутагтын хойд дүр хэмээн нутгийн сүсэгтнүүд тодруулсан тэр цагаас газар газрын хүмүүс ирж түүнд мөргөж сөгдөж, бишрэх болжээ. Угийн сэргэлэн цовоо, ухаалаг энэ жаалд эвгүй байсан ч сүсэгтэн олны бишрэлийг дийлж чадсангүй. 1944 оны зун ДЯЯ-ны хэсэг хүн очиж Хэнтийн дарга нартай нэгэн тохироо хийгээд явжээ. Удалгүй аймгийн дарга Дондов, ДХХ-ын дарга шар Рэнцэн нар Хэнтийн төвийн багш нарыг цуглуулж Хүүхэн хутагтын хойд түр хэмээн олныг мунхруулж байгаа нэгэн этгээдийг тусгаарлах болсон. Эхлээд танай сургуульд оруулж засрах төлөв байдлыг ажиглаж байгаад хэрхэх тухай жич шийднэ гэж чангахан анхааруулаад хэрэв багш нар түүнийг хараанаас гаргаж нууцыг задруулбал шийтгэнэ гэжээ.

Тормолзсон хар нүдтэй улаа бутарсан шардуу царайтай Ламаадан тус сургуулийн сурагч болжээ. Тухайн үед тэнд багшлаж байсан нэрт эрдэмтэн, түүхийн ухааны доктор Лхамсүрэнгийн Бат-Очир гуай юу гэж ярьсныг сонирхуулъя.

...Ламаадан гэж хачин амьтан орж ирэх байх аа гэж бодож байтал "цовоо сэргэлэн байрын хөөрхөн хүү" байсан, бид ээлжээр жижүүрлэж манана, зүүн аймгийн сүсэгтнүүд авгай, хөгшид тэр хүүхдээс адис авах гэж дайрч биднийг сандаргана. Манай сургуулийн захирал Лхүндэвсамбуу бас Өмнөдэлгэрийн хүн. Ламаадангийн ангийнх нь багш Санж гэж эмэгтэй одоо 90 гаруй насыг зооглож буй хөгшин буй. Тэд тэр хүүхдийг өрөвдөж хайрлахаас гадна өөрсдөө хэл аманд орчихгүй яаж салах вэ гэсэн бодолтой байсан даа. Удаа ч үгүй тэр жаал гэнэт алга болсон, чухам яасныг хэн ч мэдээгүй" гэсэн байх аж.

Харин тэр жаалтай хамт сурч байсан А.Шагдар гуай /хожим лектор байсан/ ярихдаа: "Бид бүгдээрээ л тэр жаалыг шохоорхож харна, би нэг удаа багш нарын нүдийг гэтэж байгаад сэмхэн орж аав ээж, гэрээ их санаж байна, ирэх нь үү гэж мэргэлүүлсэн тэр хүү "би ч гэрээ бас санаж л байна гээд санаа алдаж аав ээж чинь ирэхгүй, харин чи cap болоод бүрмөсөн очно" гэлээ. Нээрээ ч би цусан хатгаа тусаад бүрмөсөн харьсан юм даа" гэв.

Философийн ухааны доктор Рэгзэндорж гуай ярихдаа "би бас түүнтэй хамт сурч байсан шавар авч гар дотроо нэг эргүүлээд л мал амьтан хүний дүрс их гоё хийдэг ер бишийн жаал байсан" гэв. Тэр есөн настай хүүхдийн хувь заяа хэрхсэнийг бид бүгд мэднэ. Жаахан хүүхдийг эсэргүү дайсан болгож эцэг эхийнх нь хамт буудаж байсан туршлага тухайн үеийн коммунист Орос, социалист Монгол хоёрт л гарсан нь даанч бэрх юм даа.

Ц.Навагчамба

Эхийг эндээс авав.
http://origo.mn/index.php?z=/0/0/9380/142/

Сэтгэл эмзэглэв

Саяхан нэгэн сайт руу орж үзлээ(http://www.urtinduu.com). Уртын дуу бол бидэнд эцэг өвгөдөөс үлдээсэн нандин өв юм. Бидэнтэй л адил энэ соёлыг авч үлдэж одоо ч үргэлжлүүлж яваа хүмүүс бол өвөрлөгч ард түмэн юм. Өвөрлөгч ахан дүүс маань харин нэрээ бичихдээ дотор газрын аялага оруулж бичиж байгаа нь харамсмаар юм. Жишээ нь shiliin gol гэж бичихдээ Xilingole гэж бичиж байна. Chuluunbat gej бичихэд Chaolunbatu гэх зэргээр бичиж байна. Энэ нь бидний өвөрлөгч ахан дүүс маань их далайд дусаасан сүүн дусал лугаа адил алга болж байгаа юм биш байгаадаа гэсэн эмзэглэлийг төрүүлж байна.

Wednesday, December 5, 2007

Nokia утасны зарим кодын тайлбар


Манай монголчууд төдийгүй дэлхий дээр Nokia гар утас хэрэглэгчид хамгийн олон байдаг. Энэ олон хүний нэг нь би :-). Энгээд танин мэдэхүйд бага ч гэсэн хэрэг болох болов уу гээд дараах хэдэн кодуудын тайлбарыг өөрийнхөө мэдэхээр орууллаа.



*#06# - IMEI
Энэ нь бидний мэдэхээр утасны сериал дугаар. Бид утас авахдаа энэ дугаарыг утасны арын
гялгар цаасан дээрх дугаартай тулгаж авдаг тэр шүү дээ.
Тэгвэл энэ нь нийт 15 оронтой тоо байдаг байна.
1-6 орон нь TAC(Type Approval Code)
7-8 орон нь FAC(Final Assembly Code)
9-14 oрон нь SNR(Serial Number)
15 -р орон нь SP(Spare)
нэмж хэлхэд GSM төрлийин бүх утас нь давтагдахгүй хувийн дугаартай байдаг юм шиг байна лээ. Энэ кодыг бусад утасан дээр туршихад болж байна лээ.

*#0000# - Phone software revision type
Тухайн утасны загвар болон хэзээ программ нь суулгагдсан зэргийг харж болно.

*#92702689# - To check total time used
Энэ кодыг оруулахад тухайн утасны дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Үүнд:
  1. IMEI,
  2. нийт ярьсан цаг,
  3. үйлдвэрлэсэн огноо,
  4. худалдагдсан огноо(энийг тухайн хэрэглэгч утасаа худалдан аваад өөрөө оруулна),
  5. засвард орсон огноо
зэрэг багтах болно.

*#3370# - To activate EFR(Enhanced Full Rate)
Утасны идэвхитэй ажиллах коэффцентийг нэмэгдүүлнэ. Ойролцоогоор 5% нэмэгдэнэ.
Энгэхдээ тэжээлийн ашиглах норм нэмэгдэхгүй. Идэвхигүй болгохын тулд *#3370*.

*#4270# - Active HRC(Half Rate Clarity)
*#746025625#(*#sim oclock#)

#pw+(mastercode)+(y)#
# - Double cross
w - Press '*' three times
p - Press '*' four times
t - press '*' two times
mastercode - 1234567890
y - Number 1 to 4

SIM lock checks #pw+1234567890+1#
gives provider - Lock status
gives network - Lock status
Сүүлийн хэдэн кодыг ашиглаж үзээгүй учир яг нарийн тайлбарлаж чадахгүй нь.
Иймээс англи хэл дээрх тайлбартай нь орууллаа.
Nokia N серийн зарим утас дээр ажиллахгүй байж магад шүү.

Friday, November 30, 2007

Нэг ийм шүлэг байна

Мэдэхгүй ээ нэг ийм шүлэг байна.


Хавар эртийн бороо хангай дэлхийг сэргээдэгсэн

Хүүхэд ахуй байхдаа андуудтайгаа ханталаа хуваалцдагсан сэтгэлээ

Цагаа олж орсон бороо хүж дэлхийг сэргээдэгсэн

Цагаа олж хэлсэн үгс үнэн байвал мөн ч тустай байдагсан

Намар оройн бороо сэрүүн байдагсан

Насан багийн найзууд минь холдоод ч байх шиг

Өвөл орсон цас харанхуй шөнийг гэрэлтүүлдэгсэн

Өөрийн хэдэн найзын шүүмж замыг гэрэлтүүлнэм

Стилийн тухай Жорж Арманийн 21 “нууцаас”

Дэлхийн хамгийн шилдэг дизайнеруудын нэг Жоржио Армани эрчүүдэд зориулж стиль, имижээ бүрдүүлэх, амжилтад хүрэх, бусдын хүндлэлийг хэрхэн хүлээдэг тухай “нууцаасаа” дэлгэж байна.

1. Гутал худалдан авахдаа хэзээ ч битгий мөнгөө харамлаж бай. Энэ таны үндсэн гардероб биш гэж үү. Хямдхан гутал. Энэ бол хуурамч хэмнэлт.

2. Ажил, амьдрал хоёрын зохицол. Энэ бол хүн бүрийн амжилтад хүрэх түлхүүр. Би ажлын төлөө амьдралаа золиосолсон хүн. Хэрвээ дахин эхнээс нь эхэлдэгсэн бол би бүхнийг өөрөөр хийх байсан.

3. Хар, хар хөх өнгө гуалиг харагдуулдаг. Хэрэв танд энэ өнгө таалагдвал хар,хөх өнгийн даавуун хувцас, хослол өмсөөд туршаад үзээрэй.

4. Хувцсандаа хэт анхаарал тавьдгаа хэзээ ч битгий илэрхийл. Хамгийн стильтэй хүмүүс бага хүч зарцуулсан мэт харагдаж чаддаг. Моод – энэ бол өөрийгөө илэрхийлэх арга биш гэж үү.

5. Хэрвээ та спортоор эрчимтэй хичээллэдэг бол таны бие бялдрын тодорхой хэсгүүд илүүтэй хөгждөг. Энэ тохиолдолд заавал захиалгаар хувцсаа оёул. Саяхнаас би “Челси” багийн хувцсыг өмсдөг болсон.

6. Хүмүүс өөрийн жинхэнэ наснаасаа 20 насаар дүү харагдаж байна гэж ярьцгаадаг. Миний нууцын тодорхой хэсэг нь генийн ач тус. Миний ээж 90 насалсан. Тэр үедээ яг л 65 настай юм шиг харагддаг байсан. Би бас тийм байх болов уу гэж найдаж байна. Гэхдээ үүний тулд хувийн сахилга бат хэрэгтэй. Үүнд, хэт орой унтахаас зайлсхий. Хэтрүүлж уух хэрэггүй. Тамхинаас татгалз. Өөрийгөө хянаж байхыг битгий мартаарай.

7. “Та хүссэн бүхнээ байнга аваад байж чадахгүй шүү дээ” гэж Мика Жаггер хэлдэг. Тиймээ, би хэзээ ч юм өндөр сайхан хамартай болохыг хүсдэг байсан. Гэвч өөрт байгаа бүхнээ хүлээн зөвшөөрч, түүнийгээ хамгийн өндөр үр бүтээлтэйгээр ашигла. Өөрчлөгдөшгүй зүйлийг өөрчлөх гэж цаг үрэх хэрэггүй юм.

8. Секси харагдахын тулд өөртөө итгэлтэй байх ёстой. Энэ бол бие болон сэтгэлийн хүч.

9. 50 нас хүртлээ би өөрийн бие бялдрын тухай огт боддоггүй байсан. Найз маань миний анхаарлыг үүн дээр төвлөрүүлж өгсөн. Одоо би өдөр бүр фитнесс танхимд хичээллэдэг. Дасгал хийх тусам сэтгэл санаа өөдрөг болж, анхаарал төвлөрөн, тав тухыг илүүтэй мэдэрдэг болсон.

10. Зарим хүмүүс үргэлж сайхан харагдах арга ухаанаа олсон байдаг. Жишээ нь, Кэри Грант байна. Түүнийг костюмтай байхад нь харахад тун сайхан. Миний найз Жорж Клуни гэхэд хувцасгүй байсан ч гайхалтай харагдах болно.

11. Эр хүний үндсэн гардероб бол пиджак. Тиймээс пиджак эр хүнд “идеально” зохисон байх ёстой. Сайхан хослол өмссөн байхад бусад бүх зүйл аяндаа зохицно.

12. Сайхан хувцас өөртөө итгэх итгэлийг өгөхийн зэрэгцээ таны үйлдлийг эрчимжүүлнэ.Миний нэг найз регбигийн баг худалдан авсан тухайгаа утсаар мэдэгдлээ. Энэ түүний бүр багын мөрөөдөл байсан юм. Гэвч үйл явц тааруухан өрнөлөө. Тэр багаа хувцаслахыг надаас хүссэн юм. Би ч зөвшөөрсөн. Энэ бол Рассел Кроу байсан л даа. Одоо австралийн регбигийн “Rabbitohs” баг дахин ялалт байгуулсан шүү.

13. Алдар нэр. Энэ бол дөнгө л гэсэн үг. Хүмүүс “Хэрвээ би тэгсэн бол” хэмээн харамсдаг. Би үүнийг эсэргүйцдэггүй. Тэд таавар зохиож л байг л дээ.

14. Та магад бодсоноосоо ихийг мэддэг байж болно. Эсвэл мэдэж буйгаасаа ихийг хийсэн байж болно. 1985 онд миний бизнесийн хамтрагч нас барсан юм. Тэгэхэд цөөнгүй хүмүүс манай фирмийг дампуурна гэж хүлээж байсан. Ингэж би түүний ажлыг хийж сурсан. Өөрийн дотоод хүч чадлаа хэзээ ч битгий урьдчилан дүгнэж бай.

15. Холливудын хар зангиа – Үдшийн арга хэмжээнд зориулсан байнгын гоёл. Хар костюм, цагаан цамц, тэгээд хар зангиа. Энэ бол хар зангиа ямар ч эр хүнд зохидгийн нотолгоо.

16. “Хашгирсан” хурц өнгөнөөс илүүтэй зөөлөн, саармаг өнгийн даавууг сонго. Моод, загварын өнцгөөс харвал зөөлөн өнгө илүү дуулгавартай байдаг юм.

17. Өнөөдөр аксессуар л хүний гадаад төрхийг тодорхойлж байна. Тиймээс сайн чанарын гутал, бүс, цүнх зэргийг сонгон хэрэглэ.

18. Сайхан үнэр хурц шинж чанарыг агуулдаг. Энэ бол та өрөөнд орж ирэхэд хүмүүсийн авдаг анхны мэдрэмж. Таныг өрөөнөөс гарч явсны дараа ч тэр үлддэг.

19. Өөрийн үзэл бодлоо ямагт хамгаал.

20. Би өнөөдөр тун баяртай байдаг болсон. Юу гэвэл зөвхөн бүсгүйчүүд төдийгүй эрчүүд ч дур булаам харагдах хүсэл тэмүүлэлтэй болсон. Би итгэдэг. Юунд гээч. Дур булаам байдал гадаад төрхийн түлхүүр гэдэгт. Энэ нь цаг хугацаанаас ч үл хамаарна.

21. Би эрэлхийлээгүй бол Сэм Жонсоныг малгайгүй байхыг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан болов уу.

Америкийн “The Times” сэтгүүлд эрчүүдэд зориулсан түүний зөвлөгөөнөөс ишлэл авлаа.

Wednesday, November 28, 2007

Нэгэн уртын дууны үг

Ойрд юм бичсэнгүй. Удаан бичихгүй байхаар төсөөрчих бололтой юм.
Энгээд өөрийн сонсох дуртай нэгэн дууны үгийг оруулъя гэж саналаа.
Энэ бас учиртай саяханы нэгэн орой миний нэгэн найз үндэсний үзлийн
талаар сонирхолтой санаа хэлэв. Бид үндсэрхэг үзэлтэй гээд цээжээ дэлдээд
хужаа нарыг үзэн ядаж байх хооронд бидний хамгийн үнэт зүйл аажимаар устаж
байна. Галсансүх ахын хэлсэнээр энийг харсан монгол биш хүмүүс баярлаж байна.
Энийг харсан хэн бүхэн дор бүрнээ нэгийг тунгаах буйзаа.
Би найзынхаа чухам юуг тэгж өгүүлсэнийг энд хэлэхээ болъё.
Гэхдээ нийгэмд олон зүйл байгаа учир хүн бүр өөрийнхөөрөө харах бизээ.
За энгээд олон юм нуршилгүйгээр гол ажилдаа оръё.



//---------- Эрдэнэ засгийн унага ----------
Эрдэнэ засгийн унага нь ээ хө
Эрвэлзүүлэнхэн жороодоо хө
Элэст манхандаа нутагтай даа
Эмгэн буурал ээжтэй шүү дээ хө

Товуу засгийн унага нь ээ хө
Товолзууланхан жороо доо хө
Товцог толгодоор нутагтай даа би
Тун ч өвгөн аавтай шүү

Энийг дуулж олны танил болсон ах ч бас өөрийнхөөрөө тэмцдэгсэн.

Thursday, November 1, 2007

Хүсэл мөрөөдөл минь жижигрээд байна уу да.

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг үг байдаг. Ер нь хүн бүр өөрийнхөөрөө
мөрөөдөж зарим нэг нь түүнийхээ төлөө тэмцэж байдаг.
Би ч мөн адил мөрөөддөг. Харин сүүлийн үед мөрөөдөл минь мартагдаад
амьдралын аар саар асуудал оронд нь бодогдох боллоо яагаад гэдгийг нь
би өөрөө ч сайн тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ л иймэрхүү асуудал
болоод байна. Магадгүй миний урдны мөрөөдөл хүүхэд ахуй цагтай минь
холбоотой хөнгөн хийсэглэн байсан байж магадгүй. Одоо харин жаахан
олон юм бодохтойгоо болсон дээрээ багын мөрөөдөлөө нухчин дараад байна уу
гэдэг дээр миний санаа их зовж байна. Хүн бүрийн мөрөөдөл хүн бүрдээ
хүсэл эрмэлзэл авч ирдэг байх. Миний хувьд тийм.

Бичихгүй байж байгаад өнөөдөр ганц юм бичисэн чинь жаахан сонин юм биччихлэ
уншигч та болгоох буйзаа. Би уг нь нэг номны талаар бичих юмсан гэж их
бодох юм даан ч ажил ихтэйгээсээ болоод өнөө номоо уншиж дуусахгүй л байна
дээр нь өнөө ном их зузаан(Эрнст Мулдашев).