Tuesday, October 9, 2007

iPhone - oo гэж






Аpple момпанийн iPhone-г танилцуулъя. Дашрамд дурдхад би өөрөө хэрэглэж үзсэн
тэгээд төрсөн сэтгэгдэлээ буулгаж байгаа минь энэ.
Уг утас нь гаднаас нь харахад их чамин хийцтэй юм.
Металл гадаргуутай 16м touchscreen-тэй. 4GB эсвэл 8GB -н санах ойтой.

WLAN Wi-Fi 802.11b/g
Bluetooth Байгаа, v2.0, Чихэвч дэмждэг
Infrared port Байхгүй
USB Байгаа, v2.0
GPRS Байгаа

гэх мэт техникийн үзүүлэлттэй. Сүүлийн үеийн утсанд байдаг бүхий л зүйлээс гадна байхгүй зүйл бас байна. Тухайлбал Google Earth, HTML browser гээд олон програмыг өөртөө агуулсан энэ нь түүний бараг л компъютер мэт санагдуулж байгаа юм. Дээр нь түүний дугаралт бол тэр чигээрээ iPot.

Wednesday, October 3, 2007

Багабанди ах ингэж өгүүлэв

Миний бие Н.Багабанди ахын титэм үгсийг унших дуртай. Өнөөдрийн Dailynews сонин дээр
гарсан нийтлэл ихэд таалагдсан учир оруулахаар шийдэв. Та ч бас цаг гаргаад уншаад
үзвэл олон зүйл бодогдож магад. Хэрэгтэй гэж үзвэл шингээж авах буйзаа ...

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди: Өөрийн бодолтой бай

Хүн шиг амьдрахын тулд юу хийх вэ, яах вэ гэдэг асуултыг үе үе тавьж, хариултыг өөрийн бодлоор тунгааж байвал тун сайн. Чи ухаалаг амьдарч чадаж байна уу? "Хүнийг ухаалаг амьдраг гэж оюун ухаан заяасан" юм шүү.

Та нар өдөр бүр, цаг тутам шахам шийдвэр гаргах торгон агшинтай тулгарна. Балмагдаж самгардах үе ч таарна. Барьц алдан тэвдэх барцадтай улаан нүүрээрээ учирна. Учрыг ухаж мэдэхэд бэрх, зөв бурууг бодож ялгахад түвэгтэй салаа замын уулзварт ч очно. Шийдвэр гаргахад бэрхшээл тулгарсан тэр цагт өөрийн бодол чинь төөрсөн хүнд зүг чиг заагч луужин мэт зөв бурууг зааж өгөх учиртай. "Зоригтой хүн нэг шийддэг. Зориггүй хүн зуу шийддэг". Олон санаатаас олигтой шийдвэр гарах нь ховор. Гэхдээ шийдвэрийг яаран сандран биш, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар бодон бодон байж гаргаж сурахыг хичээ.

Өөрийн бодлоор тунгааж, шийдсэн шийдвэрийн алдаа мадаг өчүүхэн, хор хохирол багахан байх болно.

Өөрийн бодол өөртөө зөв. "Зорьсон замаараа л яв, хүн юу л гэж хэлбэл хэлэг". Том ч, жижиг ч ялгаагүй аливаа ажлыг хийхийн өмнө бэлтгэлийг сайтар ханга. Бэлтгэл муутын ажил хэзээд хайш яйш, үр дүн нь дутуу дулимаг. Хийсэн, хийлгэсэндээ баяр хөөр, таашаал ханамжийг үл авчирна. Ажлын бэлтгэлээ сайн хангасан бол үр шимийг нь хүртэнэ гэж бардам бод. Бодож сайн хангасан бэлтгэл бүтээж хийх ажлын талтай ач тач тэнцэнэ.

Ярих хэлэхээ өөрийн бодлоор бодож цэгнэж бай. Хаа нэгтээ хазгай сууж болно, хазгай ярьж болохгүй. Болгоомжгүй хэлсэн болчимгүй үг бор шидмэсээр хүзүүг чинь ороож болохыг мэд. Ер нь ухаантай хүн урт чихтэй, богино хэлтэй байдгийг санаж явцгаа. Хүнд илүү сонс гэж хоёр чих, дутуу ярь гэж нэг хэл заяасан гэдэг нь зүгээр ч нэг үг биш. Өрсөлдөгчийнхөө занганд хөлөөрөө орохоос хэлээрээ орох нь амархан шүү гэдгийг битгий мартаарай. Энэ үг ялангуяа улс төр сонирхогч залууст бүр илүү хамаатай. Ер нь мэргэн хүн амаа хамхиж явдаг, хэл, яриагаараа түймэр тавьж болохыг тэр сайн мэддэг. "Чи өөрийн биеэ хүндэтгэж бай" гэж Пифагор шавьдаа үргэлж хэлдэг байсан гэнэ.

Өөрийгөө хүндэтгэх сэтгэл хэмээх өндөр дээд ухаанаар түшүүлсэн хүн тачаалд ойчиж биеэ гэмтээх, эсвэл өөдгүй бодлоор сэтгэлээ бохирдуулах сэлтийг хийдэггүй юм. Өдөр тутмын амьдралын өнцөг булан бүрт өөрийгөө хүндэтгэх сэтгэл тархан хүрч чадвал цэвэр тунгалаг болон уужим талбиу, авхаалж самбаа, ёс журамтай байх гэх мэт олон сайн үйлийн үндэс нь болох билээ. Өөрөө өөрийгөө дорд үздэг хүн бусдад ч дорчлогдож байх нь жам. Дандаа доошоо харж, гутлынхаа хоншоорыг ширтэж явдаг хүнд их зориг, эрч хүч түрэн ирдэггүй. Өөдөлье, дэвжье гэж үнэн сэтгэлээсээ хүсвэл толгойгоо өргөж явах хэрэгтэй болно. Өөрийгөө хүндэтгэх ухаан бодол ямар ч хүнд сэтгэлийн дэм болж, эрмэлзэл тэмүүллийг хайрладаг юм. Бүхнийг бусдын үгээр хийдэг бол өөрийн толгой юунд хэрэг болох вэ? Өөрийн бодолтой байна гэдэг өрөөлийг бүү сонс гэсэн үг ердөө биш. Өөрийн бодлыг бусдынхтай жишин харьцуулж өө сэв багатайг сонгож авах тухай л ярьж байна. Өөрийн чинь ухаан хүрэхгүй бол өөр бусдын хэлэхийг сонсохоосоо бүү ич.

Хүний үгийг ярьдаг тоть адил давтан дуугарах чамд хүндлэл ирнэ гэж хүлээх хэрэггүй. Бусдын хэлснийг үг дуугүй дагадаг болчихвол өөрийн бодол чинь бусран хоосорно. Өөрийн байр суурийг баттай эзэл. Эс тэгвээс өөр нэгэн хойноос ирээд хот манайх гэдэг шиг сэнтийг чинь эзлэн, зааж зааварчлан чичилнэ. Болсон үйлийг өөрийн бодлоор задлан шинжилж тогтвортой бодож сур. Тэгвэл болох үйл явцын хувилбаруудыг төлөгчлөн боддог чадвар аяндаа төлөвшинө. Улмаар гарах шийдвэрээс үүдэх дутагдал гологдол бага, тусах сүүдэр богино байх нь эргэлзээгүй.

"Өөрт тань байгаа эрхэм баялаг юу вэ?" гэж сэтгүүлч асуухад хөгжмийн зохиолч, "ардын" цолтон Н.Жанцанноров "Ухах оюун" гэж хариулсныг уншаад ихэд олзуурхав. Өөрийн бодлоор ухах оюунтай хүн эрхэм баялгийн эзэн сууж байдаг ажээ. Уг нь тэнгэр бурхан ухах оюуиыг хүн бүрт харамгүй хайрласан. Хөлсөө асгаруулан хөдөлмөрлөж, оюунаа ухан малтан ашигладаг хүмүүс нь л харамсмаар цөөхөн болохоос. Зохион бүтээгч Т.Эдиссон "суут хүн гэгч нэг хувийн авьяас, ерөн есөн хувийн асгаруулсан хөлс мөн" гэж хэлснийг өөрийн бодолтой, холыг зорьсон хүн бүр санаж явбал зохилтой.

Өөрийн бодлыг боомилогч хорлонтой дайсан нь дарангуйлал. Нэг дарга үүрэгдэж нөгөөдүүл нь дуугүй аялдан дагалдана. Бусдын юу гэж дуугарахыг янз бүрийн шугамаар зааж чиглүүлнэ. Сөрж дуугарсан болгон "тээрмийн хөлд буудай" гэдэг шиг няцлагдана. Дуугарах үүрэгтэй хэсэг нь хүртэл гар хөлөө хүлүүлж, "алтан амгай" зуусан цөвүүн цагийг бид мартах учиргүй, давтах ёсгүй. Үнэн үүдэнд, худал хойморт заларсан бурангуй ёс өөрийн бодлыг боомилсон дарангуй тогтолцооны үед ноёлдог юм. Цор, цор гэсэн болгоныг цовдлох хүсэлтэй, ухаанаа уландаа чирсэн эрх мэдэлтнээс болгоомжил. Бүхнийг дөрлөсөн үхэр шиг хөтөлж явах хүсэлтэн байгаа үед цөвүүн цаг эргэн ирэхгүй гэх баталгаа үгүй. Тэд амьдралынх нь хамаг утга учир мэт санагдах эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд сөрөг бүхнийг ил далд өөгшүүлэн дэвэргэх бузар санаанаас ч буцдаггүй. Олон түмэн хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийх нь тэдэнд падгүй. Зөвхөн алба тушаалдаа яавал удаан тогтох вэ гэдэг нь өдрийн бодол, шөнийн зүүд болсон байдаг. Ийм бодол санаатны хамгийн аюултай илрэл нь атаа хорсол, эрх мэдлээ улс төрийн зэвсэг болгон ашиглах явдал. Атаа хорслын эсрэг үйлчлэх хууль дүрэм байдаггүй нь харамсалтай. Ёс суртахуун, ёс зүй гээч нандин чанарыг уландаа гишгэсэн байдаг болохоор тэд юу хийхээс ч буцахаа болин, араатны төрхтэй болох нь аймшигтай. Тэд бүхэнд ил гэрэлтэх од байхыг туйлаас хүснэ. Шөнө хэдий чинээ харанхуй байна од тэдий чинээ хурц гэрэлтдэг. Нийгэм хэдийчинээ харанхуй байна тэд илүү гэрэлтэнэ гэж мунхагладаг юм. Тийм болохоор бусдын амыг боож, өөрөө донгодож, эсвэл өөрийнх нь тухай магтаалыг эцэс төгсгөлгүй урсгаж байхыг туйлын хүслээ болгодог билээ.

Хүн бүр өөрийн бодолтой, бодсоноо айж эмээлгүй хэлж зүрхэлж байвал тийм буруу хүмүүсээс нийгэм баттай хамгаалагдаж лавтай чадна. "Бага ч гэсэн өөрийн бодолтой байж үз" гэж хүн бүхний мэдэх нэгэн зохиолчийн хэлсэн үгийг ямагт санаж амьдар.