Friday, November 30, 2007

Нэг ийм шүлэг байна

Мэдэхгүй ээ нэг ийм шүлэг байна.


Хавар эртийн бороо хангай дэлхийг сэргээдэгсэн

Хүүхэд ахуй байхдаа андуудтайгаа ханталаа хуваалцдагсан сэтгэлээ

Цагаа олж орсон бороо хүж дэлхийг сэргээдэгсэн

Цагаа олж хэлсэн үгс үнэн байвал мөн ч тустай байдагсан

Намар оройн бороо сэрүүн байдагсан

Насан багийн найзууд минь холдоод ч байх шиг

Өвөл орсон цас харанхуй шөнийг гэрэлтүүлдэгсэн

Өөрийн хэдэн найзын шүүмж замыг гэрэлтүүлнэм

Стилийн тухай Жорж Арманийн 21 “нууцаас”

Дэлхийн хамгийн шилдэг дизайнеруудын нэг Жоржио Армани эрчүүдэд зориулж стиль, имижээ бүрдүүлэх, амжилтад хүрэх, бусдын хүндлэлийг хэрхэн хүлээдэг тухай “нууцаасаа” дэлгэж байна.

1. Гутал худалдан авахдаа хэзээ ч битгий мөнгөө харамлаж бай. Энэ таны үндсэн гардероб биш гэж үү. Хямдхан гутал. Энэ бол хуурамч хэмнэлт.

2. Ажил, амьдрал хоёрын зохицол. Энэ бол хүн бүрийн амжилтад хүрэх түлхүүр. Би ажлын төлөө амьдралаа золиосолсон хүн. Хэрвээ дахин эхнээс нь эхэлдэгсэн бол би бүхнийг өөрөөр хийх байсан.

3. Хар, хар хөх өнгө гуалиг харагдуулдаг. Хэрэв танд энэ өнгө таалагдвал хар,хөх өнгийн даавуун хувцас, хослол өмсөөд туршаад үзээрэй.

4. Хувцсандаа хэт анхаарал тавьдгаа хэзээ ч битгий илэрхийл. Хамгийн стильтэй хүмүүс бага хүч зарцуулсан мэт харагдаж чаддаг. Моод – энэ бол өөрийгөө илэрхийлэх арга биш гэж үү.

5. Хэрвээ та спортоор эрчимтэй хичээллэдэг бол таны бие бялдрын тодорхой хэсгүүд илүүтэй хөгждөг. Энэ тохиолдолд заавал захиалгаар хувцсаа оёул. Саяхнаас би “Челси” багийн хувцсыг өмсдөг болсон.

6. Хүмүүс өөрийн жинхэнэ наснаасаа 20 насаар дүү харагдаж байна гэж ярьцгаадаг. Миний нууцын тодорхой хэсэг нь генийн ач тус. Миний ээж 90 насалсан. Тэр үедээ яг л 65 настай юм шиг харагддаг байсан. Би бас тийм байх болов уу гэж найдаж байна. Гэхдээ үүний тулд хувийн сахилга бат хэрэгтэй. Үүнд, хэт орой унтахаас зайлсхий. Хэтрүүлж уух хэрэггүй. Тамхинаас татгалз. Өөрийгөө хянаж байхыг битгий мартаарай.

7. “Та хүссэн бүхнээ байнга аваад байж чадахгүй шүү дээ” гэж Мика Жаггер хэлдэг. Тиймээ, би хэзээ ч юм өндөр сайхан хамартай болохыг хүсдэг байсан. Гэвч өөрт байгаа бүхнээ хүлээн зөвшөөрч, түүнийгээ хамгийн өндөр үр бүтээлтэйгээр ашигла. Өөрчлөгдөшгүй зүйлийг өөрчлөх гэж цаг үрэх хэрэггүй юм.

8. Секси харагдахын тулд өөртөө итгэлтэй байх ёстой. Энэ бол бие болон сэтгэлийн хүч.

9. 50 нас хүртлээ би өөрийн бие бялдрын тухай огт боддоггүй байсан. Найз маань миний анхаарлыг үүн дээр төвлөрүүлж өгсөн. Одоо би өдөр бүр фитнесс танхимд хичээллэдэг. Дасгал хийх тусам сэтгэл санаа өөдрөг болж, анхаарал төвлөрөн, тав тухыг илүүтэй мэдэрдэг болсон.

10. Зарим хүмүүс үргэлж сайхан харагдах арга ухаанаа олсон байдаг. Жишээ нь, Кэри Грант байна. Түүнийг костюмтай байхад нь харахад тун сайхан. Миний найз Жорж Клуни гэхэд хувцасгүй байсан ч гайхалтай харагдах болно.

11. Эр хүний үндсэн гардероб бол пиджак. Тиймээс пиджак эр хүнд “идеально” зохисон байх ёстой. Сайхан хослол өмссөн байхад бусад бүх зүйл аяндаа зохицно.

12. Сайхан хувцас өөртөө итгэх итгэлийг өгөхийн зэрэгцээ таны үйлдлийг эрчимжүүлнэ.Миний нэг найз регбигийн баг худалдан авсан тухайгаа утсаар мэдэгдлээ. Энэ түүний бүр багын мөрөөдөл байсан юм. Гэвч үйл явц тааруухан өрнөлөө. Тэр багаа хувцаслахыг надаас хүссэн юм. Би ч зөвшөөрсөн. Энэ бол Рассел Кроу байсан л даа. Одоо австралийн регбигийн “Rabbitohs” баг дахин ялалт байгуулсан шүү.

13. Алдар нэр. Энэ бол дөнгө л гэсэн үг. Хүмүүс “Хэрвээ би тэгсэн бол” хэмээн харамсдаг. Би үүнийг эсэргүйцдэггүй. Тэд таавар зохиож л байг л дээ.

14. Та магад бодсоноосоо ихийг мэддэг байж болно. Эсвэл мэдэж буйгаасаа ихийг хийсэн байж болно. 1985 онд миний бизнесийн хамтрагч нас барсан юм. Тэгэхэд цөөнгүй хүмүүс манай фирмийг дампуурна гэж хүлээж байсан. Ингэж би түүний ажлыг хийж сурсан. Өөрийн дотоод хүч чадлаа хэзээ ч битгий урьдчилан дүгнэж бай.

15. Холливудын хар зангиа – Үдшийн арга хэмжээнд зориулсан байнгын гоёл. Хар костюм, цагаан цамц, тэгээд хар зангиа. Энэ бол хар зангиа ямар ч эр хүнд зохидгийн нотолгоо.

16. “Хашгирсан” хурц өнгөнөөс илүүтэй зөөлөн, саармаг өнгийн даавууг сонго. Моод, загварын өнцгөөс харвал зөөлөн өнгө илүү дуулгавартай байдаг юм.

17. Өнөөдөр аксессуар л хүний гадаад төрхийг тодорхойлж байна. Тиймээс сайн чанарын гутал, бүс, цүнх зэргийг сонгон хэрэглэ.

18. Сайхан үнэр хурц шинж чанарыг агуулдаг. Энэ бол та өрөөнд орж ирэхэд хүмүүсийн авдаг анхны мэдрэмж. Таныг өрөөнөөс гарч явсны дараа ч тэр үлддэг.

19. Өөрийн үзэл бодлоо ямагт хамгаал.

20. Би өнөөдөр тун баяртай байдаг болсон. Юу гэвэл зөвхөн бүсгүйчүүд төдийгүй эрчүүд ч дур булаам харагдах хүсэл тэмүүлэлтэй болсон. Би итгэдэг. Юунд гээч. Дур булаам байдал гадаад төрхийн түлхүүр гэдэгт. Энэ нь цаг хугацаанаас ч үл хамаарна.

21. Би эрэлхийлээгүй бол Сэм Жонсоныг малгайгүй байхыг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан болов уу.

Америкийн “The Times” сэтгүүлд эрчүүдэд зориулсан түүний зөвлөгөөнөөс ишлэл авлаа.

Wednesday, November 28, 2007

Нэгэн уртын дууны үг

Ойрд юм бичсэнгүй. Удаан бичихгүй байхаар төсөөрчих бололтой юм.
Энгээд өөрийн сонсох дуртай нэгэн дууны үгийг оруулъя гэж саналаа.
Энэ бас учиртай саяханы нэгэн орой миний нэгэн найз үндэсний үзлийн
талаар сонирхолтой санаа хэлэв. Бид үндсэрхэг үзэлтэй гээд цээжээ дэлдээд
хужаа нарыг үзэн ядаж байх хооронд бидний хамгийн үнэт зүйл аажимаар устаж
байна. Галсансүх ахын хэлсэнээр энийг харсан монгол биш хүмүүс баярлаж байна.
Энийг харсан хэн бүхэн дор бүрнээ нэгийг тунгаах буйзаа.
Би найзынхаа чухам юуг тэгж өгүүлсэнийг энд хэлэхээ болъё.
Гэхдээ нийгэмд олон зүйл байгаа учир хүн бүр өөрийнхөөрөө харах бизээ.
За энгээд олон юм нуршилгүйгээр гол ажилдаа оръё.



//---------- Эрдэнэ засгийн унага ----------
Эрдэнэ засгийн унага нь ээ хө
Эрвэлзүүлэнхэн жороодоо хө
Элэст манхандаа нутагтай даа
Эмгэн буурал ээжтэй шүү дээ хө

Товуу засгийн унага нь ээ хө
Товолзууланхан жороо доо хө
Товцог толгодоор нутагтай даа би
Тун ч өвгөн аавтай шүү

Энийг дуулж олны танил болсон ах ч бас өөрийнхөөрөө тэмцдэгсэн.

Thursday, November 1, 2007

Хүсэл мөрөөдөл минь жижигрээд байна уу да.

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг үг байдаг. Ер нь хүн бүр өөрийнхөөрөө
мөрөөдөж зарим нэг нь түүнийхээ төлөө тэмцэж байдаг.
Би ч мөн адил мөрөөддөг. Харин сүүлийн үед мөрөөдөл минь мартагдаад
амьдралын аар саар асуудал оронд нь бодогдох боллоо яагаад гэдгийг нь
би өөрөө ч сайн тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ л иймэрхүү асуудал
болоод байна. Магадгүй миний урдны мөрөөдөл хүүхэд ахуй цагтай минь
холбоотой хөнгөн хийсэглэн байсан байж магадгүй. Одоо харин жаахан
олон юм бодохтойгоо болсон дээрээ багын мөрөөдөлөө нухчин дараад байна уу
гэдэг дээр миний санаа их зовж байна. Хүн бүрийн мөрөөдөл хүн бүрдээ
хүсэл эрмэлзэл авч ирдэг байх. Миний хувьд тийм.

Бичихгүй байж байгаад өнөөдөр ганц юм бичисэн чинь жаахан сонин юм биччихлэ
уншигч та болгоох буйзаа. Би уг нь нэг номны талаар бичих юмсан гэж их
бодох юм даан ч ажил ихтэйгээсээ болоод өнөө номоо уншиж дуусахгүй л байна
дээр нь өнөө ном их зузаан(Эрнст Мулдашев).

Tuesday, October 9, 2007

iPhone - oo гэж






Аpple момпанийн iPhone-г танилцуулъя. Дашрамд дурдхад би өөрөө хэрэглэж үзсэн
тэгээд төрсөн сэтгэгдэлээ буулгаж байгаа минь энэ.
Уг утас нь гаднаас нь харахад их чамин хийцтэй юм.
Металл гадаргуутай 16м touchscreen-тэй. 4GB эсвэл 8GB -н санах ойтой.

WLAN Wi-Fi 802.11b/g
Bluetooth Байгаа, v2.0, Чихэвч дэмждэг
Infrared port Байхгүй
USB Байгаа, v2.0
GPRS Байгаа

гэх мэт техникийн үзүүлэлттэй. Сүүлийн үеийн утсанд байдаг бүхий л зүйлээс гадна байхгүй зүйл бас байна. Тухайлбал Google Earth, HTML browser гээд олон програмыг өөртөө агуулсан энэ нь түүний бараг л компъютер мэт санагдуулж байгаа юм. Дээр нь түүний дугаралт бол тэр чигээрээ iPot.

Wednesday, October 3, 2007

Багабанди ах ингэж өгүүлэв

Миний бие Н.Багабанди ахын титэм үгсийг унших дуртай. Өнөөдрийн Dailynews сонин дээр
гарсан нийтлэл ихэд таалагдсан учир оруулахаар шийдэв. Та ч бас цаг гаргаад уншаад
үзвэл олон зүйл бодогдож магад. Хэрэгтэй гэж үзвэл шингээж авах буйзаа ...

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди: Өөрийн бодолтой бай

Хүн шиг амьдрахын тулд юу хийх вэ, яах вэ гэдэг асуултыг үе үе тавьж, хариултыг өөрийн бодлоор тунгааж байвал тун сайн. Чи ухаалаг амьдарч чадаж байна уу? "Хүнийг ухаалаг амьдраг гэж оюун ухаан заяасан" юм шүү.

Та нар өдөр бүр, цаг тутам шахам шийдвэр гаргах торгон агшинтай тулгарна. Балмагдаж самгардах үе ч таарна. Барьц алдан тэвдэх барцадтай улаан нүүрээрээ учирна. Учрыг ухаж мэдэхэд бэрх, зөв бурууг бодож ялгахад түвэгтэй салаа замын уулзварт ч очно. Шийдвэр гаргахад бэрхшээл тулгарсан тэр цагт өөрийн бодол чинь төөрсөн хүнд зүг чиг заагч луужин мэт зөв бурууг зааж өгөх учиртай. "Зоригтой хүн нэг шийддэг. Зориггүй хүн зуу шийддэг". Олон санаатаас олигтой шийдвэр гарах нь ховор. Гэхдээ шийдвэрийг яаран сандран биш, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар бодон бодон байж гаргаж сурахыг хичээ.

Өөрийн бодлоор тунгааж, шийдсэн шийдвэрийн алдаа мадаг өчүүхэн, хор хохирол багахан байх болно.

Өөрийн бодол өөртөө зөв. "Зорьсон замаараа л яв, хүн юу л гэж хэлбэл хэлэг". Том ч, жижиг ч ялгаагүй аливаа ажлыг хийхийн өмнө бэлтгэлийг сайтар ханга. Бэлтгэл муутын ажил хэзээд хайш яйш, үр дүн нь дутуу дулимаг. Хийсэн, хийлгэсэндээ баяр хөөр, таашаал ханамжийг үл авчирна. Ажлын бэлтгэлээ сайн хангасан бол үр шимийг нь хүртэнэ гэж бардам бод. Бодож сайн хангасан бэлтгэл бүтээж хийх ажлын талтай ач тач тэнцэнэ.

Ярих хэлэхээ өөрийн бодлоор бодож цэгнэж бай. Хаа нэгтээ хазгай сууж болно, хазгай ярьж болохгүй. Болгоомжгүй хэлсэн болчимгүй үг бор шидмэсээр хүзүүг чинь ороож болохыг мэд. Ер нь ухаантай хүн урт чихтэй, богино хэлтэй байдгийг санаж явцгаа. Хүнд илүү сонс гэж хоёр чих, дутуу ярь гэж нэг хэл заяасан гэдэг нь зүгээр ч нэг үг биш. Өрсөлдөгчийнхөө занганд хөлөөрөө орохоос хэлээрээ орох нь амархан шүү гэдгийг битгий мартаарай. Энэ үг ялангуяа улс төр сонирхогч залууст бүр илүү хамаатай. Ер нь мэргэн хүн амаа хамхиж явдаг, хэл, яриагаараа түймэр тавьж болохыг тэр сайн мэддэг. "Чи өөрийн биеэ хүндэтгэж бай" гэж Пифагор шавьдаа үргэлж хэлдэг байсан гэнэ.

Өөрийгөө хүндэтгэх сэтгэл хэмээх өндөр дээд ухаанаар түшүүлсэн хүн тачаалд ойчиж биеэ гэмтээх, эсвэл өөдгүй бодлоор сэтгэлээ бохирдуулах сэлтийг хийдэггүй юм. Өдөр тутмын амьдралын өнцөг булан бүрт өөрийгөө хүндэтгэх сэтгэл тархан хүрч чадвал цэвэр тунгалаг болон уужим талбиу, авхаалж самбаа, ёс журамтай байх гэх мэт олон сайн үйлийн үндэс нь болох билээ. Өөрөө өөрийгөө дорд үздэг хүн бусдад ч дорчлогдож байх нь жам. Дандаа доошоо харж, гутлынхаа хоншоорыг ширтэж явдаг хүнд их зориг, эрч хүч түрэн ирдэггүй. Өөдөлье, дэвжье гэж үнэн сэтгэлээсээ хүсвэл толгойгоо өргөж явах хэрэгтэй болно. Өөрийгөө хүндэтгэх ухаан бодол ямар ч хүнд сэтгэлийн дэм болж, эрмэлзэл тэмүүллийг хайрладаг юм. Бүхнийг бусдын үгээр хийдэг бол өөрийн толгой юунд хэрэг болох вэ? Өөрийн бодолтой байна гэдэг өрөөлийг бүү сонс гэсэн үг ердөө биш. Өөрийн бодлыг бусдынхтай жишин харьцуулж өө сэв багатайг сонгож авах тухай л ярьж байна. Өөрийн чинь ухаан хүрэхгүй бол өөр бусдын хэлэхийг сонсохоосоо бүү ич.

Хүний үгийг ярьдаг тоть адил давтан дуугарах чамд хүндлэл ирнэ гэж хүлээх хэрэггүй. Бусдын хэлснийг үг дуугүй дагадаг болчихвол өөрийн бодол чинь бусран хоосорно. Өөрийн байр суурийг баттай эзэл. Эс тэгвээс өөр нэгэн хойноос ирээд хот манайх гэдэг шиг сэнтийг чинь эзлэн, зааж зааварчлан чичилнэ. Болсон үйлийг өөрийн бодлоор задлан шинжилж тогтвортой бодож сур. Тэгвэл болох үйл явцын хувилбаруудыг төлөгчлөн боддог чадвар аяндаа төлөвшинө. Улмаар гарах шийдвэрээс үүдэх дутагдал гологдол бага, тусах сүүдэр богино байх нь эргэлзээгүй.

"Өөрт тань байгаа эрхэм баялаг юу вэ?" гэж сэтгүүлч асуухад хөгжмийн зохиолч, "ардын" цолтон Н.Жанцанноров "Ухах оюун" гэж хариулсныг уншаад ихэд олзуурхав. Өөрийн бодлоор ухах оюунтай хүн эрхэм баялгийн эзэн сууж байдаг ажээ. Уг нь тэнгэр бурхан ухах оюуиыг хүн бүрт харамгүй хайрласан. Хөлсөө асгаруулан хөдөлмөрлөж, оюунаа ухан малтан ашигладаг хүмүүс нь л харамсмаар цөөхөн болохоос. Зохион бүтээгч Т.Эдиссон "суут хүн гэгч нэг хувийн авьяас, ерөн есөн хувийн асгаруулсан хөлс мөн" гэж хэлснийг өөрийн бодолтой, холыг зорьсон хүн бүр санаж явбал зохилтой.

Өөрийн бодлыг боомилогч хорлонтой дайсан нь дарангуйлал. Нэг дарга үүрэгдэж нөгөөдүүл нь дуугүй аялдан дагалдана. Бусдын юу гэж дуугарахыг янз бүрийн шугамаар зааж чиглүүлнэ. Сөрж дуугарсан болгон "тээрмийн хөлд буудай" гэдэг шиг няцлагдана. Дуугарах үүрэгтэй хэсэг нь хүртэл гар хөлөө хүлүүлж, "алтан амгай" зуусан цөвүүн цагийг бид мартах учиргүй, давтах ёсгүй. Үнэн үүдэнд, худал хойморт заларсан бурангуй ёс өөрийн бодлыг боомилсон дарангуй тогтолцооны үед ноёлдог юм. Цор, цор гэсэн болгоныг цовдлох хүсэлтэй, ухаанаа уландаа чирсэн эрх мэдэлтнээс болгоомжил. Бүхнийг дөрлөсөн үхэр шиг хөтөлж явах хүсэлтэн байгаа үед цөвүүн цаг эргэн ирэхгүй гэх баталгаа үгүй. Тэд амьдралынх нь хамаг утга учир мэт санагдах эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд сөрөг бүхнийг ил далд өөгшүүлэн дэвэргэх бузар санаанаас ч буцдаггүй. Олон түмэн хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийх нь тэдэнд падгүй. Зөвхөн алба тушаалдаа яавал удаан тогтох вэ гэдэг нь өдрийн бодол, шөнийн зүүд болсон байдаг. Ийм бодол санаатны хамгийн аюултай илрэл нь атаа хорсол, эрх мэдлээ улс төрийн зэвсэг болгон ашиглах явдал. Атаа хорслын эсрэг үйлчлэх хууль дүрэм байдаггүй нь харамсалтай. Ёс суртахуун, ёс зүй гээч нандин чанарыг уландаа гишгэсэн байдаг болохоор тэд юу хийхээс ч буцахаа болин, араатны төрхтэй болох нь аймшигтай. Тэд бүхэнд ил гэрэлтэх од байхыг туйлаас хүснэ. Шөнө хэдий чинээ харанхуй байна од тэдий чинээ хурц гэрэлтдэг. Нийгэм хэдийчинээ харанхуй байна тэд илүү гэрэлтэнэ гэж мунхагладаг юм. Тийм болохоор бусдын амыг боож, өөрөө донгодож, эсвэл өөрийнх нь тухай магтаалыг эцэс төгсгөлгүй урсгаж байхыг туйлын хүслээ болгодог билээ.

Хүн бүр өөрийн бодолтой, бодсоноо айж эмээлгүй хэлж зүрхэлж байвал тийм буруу хүмүүсээс нийгэм баттай хамгаалагдаж лавтай чадна. "Бага ч гэсэн өөрийн бодолтой байж үз" гэж хүн бүхний мэдэх нэгэн зохиолчийн хэлсэн үгийг ямагт санаж амьдар.

Monday, September 24, 2007

PHP хуудас бичиж байхад forward хийхэд анхаарах нь ...

PHP хуудас бичиж байхад дараахыг анхаармаар юм байна.
Би хуудаснаас хуудас шилжилт хийх гэж зорисоон юм.
Энэ үйлдлийг хийдэг фунц бол
header("Location : таны шилжих хуудас");
Ерөнхий бүтэц


<?header('Location: http://www.таныхуудас.com/шинэ_хуудас.html') ;?>

Дээрх бол ажиллана.
Харин энэ ажиллахгүй


<html>
//HTML тагууд.
<?
//Энэ бол ажиллахгүй, броусер дээр HTML таг түрүүлж ачааллагдах болно.
header( 'Location: http://www.yoursite.com/new_page.html' ) ;
?>

Учир нь уг функц маань HTML тагуудтай цуг ажилладаггүй юм байна.
За нэг бяцхан анхааруулгыг өөрийнхөөрөө чадан яадан тайлбарлалаа.
Анхаарал тавьсан танд талархав. :-)